Lost in Translation

Anar Batsaikhan
5 min readJun 6, 2022

--

I’m getting this awful habit of writing about the films to move on from them. If only I could do this with people.

Sofia Coppola эгч кино найруулагч болохынхоо өмнө нь Токиогоор ойр ойрхон аялдаг байсан бөгөөд Park Hyatt Hotel-г зураг авалтандаа ашиглах эрмэлзэлтэй байсан нь ийнхүү биеллээ олсон нь энэ аж. Зочид буудалд нэг хүнтэйгээ дахин таарах боломж ихтэй, мөн жирийн амьдралаасаа хол, нэг хэлээр ярьдаг хоёр гадаад хүн нэг байршил дээр гацах нь өөрт нь сонирхолтой сэдэл санагдсан байна.

Эгчийн хоёр дахь бүрэн хэмжээний уран сайхны кино нь түүхэн дэх хамгийн iconic opening shot-уудын нэгээр эхэлнэ.

Киноны зураг авалтанд цонхыг эс тооцвол хязгаарлагдмал орон зайны болон битүү хананы эгц өөдөөс авсан кадруудын хэрэглээ маш бага, ихэнхи тохиолдолд дүрүүддээ хангалттай орон зай олгосон байгаа бөгөөд энэ нь хоёр дүрийн ганцаардмал, тусгаарлагдсан, орчинтойгоо уусч амжаагүй байгаа илэрхийлэлд нь нэмэр болох юм. Фокус шилжилтүүд нь ч үүнд давхар нөлөөлнө.

Дүрүүдийн чухал эмоцыг тусгайлан үзүүлэх зорилгоор л биш бол ойроос авсан shot-ууд цөөн. Ихэнхи холоос авсан кадруудын эзэлхүүнийг орчны хоосон агаар, хотын дээгүүрх тэнгэр давамгайлан дүрслэгдэнэ. Энэ нь Япон анимений тайван өрнөл, slice of life кадруудтай төстэй ч цонхоор харагдах бүүдгэр саарал тэнгэр, шөнийн харанхуй тэнгэр ба неон гэрлийн хослолууд нь илүү бодит melancholic өнгө төрхийг гаргахад үйлчилсэн санагддаг. Хөдөлгөөнтэй handheld shot ууд нь дүрүүдийн хотоор явах байнгын шилжилттэй, үйл хөдлөлтэй хэсгүүд болон баримтат кино шиг гэмгүй дотно уур амьсгал төрүүлэм дүрслэлүүд дээр төвлөрсөн.

Киноны туршид хурц өнгөний сонголтууд тэр болгон үзэгдэхгүй бөгөөд цайсан өнгөнүүд, бараан хүрэн болон хөх өнгөнүүдийн хэрэглээ давамгайлна. Эхний кадраас авхуулаад цайвар ягаан өнгө Шарлоттын хацар, арьс, шаргал үстэй зэрэгцэн түүний залуухан, эмэгтэйлэг дүрийг улам тодотгоно.

Хөгжмийн хэрэглээ нь ихэнхидээ поп жанрынх бөгөөд төгсгөлийн Just Like Honey-г эс тооцвол анх үзэхэд ч одоо үзэхэд ч би хувьдаа дан аялгуунуудад нь илүү emotional талаас ач холбогдол өгчихөөд байдаг. Тэнд амьдарч байгаагүй хүний хувьд Япончуудын өдөр тутмын амьдралд поп соёл нь тийм гээд тодорхойлоход хэцүү тул хотоор дамжин өнгөрөх зарим хэсгүүд дээр хөгжмийн сонголт нэлээд огцом, хурц санагдах тохиолдлууд гарсан.

Хааяадаа юм хум ууснаас шалтгаалахгүйгээр зүгээр гоё хэмнэлтэй хөгжим сонсоод толгойгоо дохих, нэг өлмий болон өвдгөө зэрэг хөдөлгөн бүжиглэж зогсох үйлдэл хиймээр санагддаг даа. Ойролцоо мэдрэмж.

Япончуудын энгийн хэрэглээний гэж хэлж болох зүйлс нь гадны нүдээр тухгүй, ойлгомжгүй, зарим тохиолдолд гаж ч гэж үзэгдэж болохуйц зүйлс үзэгддэг. Тэд өөрсдөө энэ кинонд хэр дуртай байдгийг нь мэдэхгүй ч тэдний соёлд ignorant хандсан ул мөр ажиглагдаж л байгаа. Энэ нь гэхдээ тухайн хоёр дүрийнхээ харах өнцгийг хурцатгаж тийм нэг хагас унтаа өдөр тутмын амьдралд нь эсрэгцэл нэмж байна л гэж харахаас өөр аргагүй.

Хоёр дүрүүдийн хоорондох chemistry нь The Big Sleep дэх Lauren Bacall, Humphrey Bogart-н нөлөөлөлтэй гэсэн ч тэрийг нь би олж хараагүй. Bacall эгчийн насандаа багтамгүй maturity-г нь Шарлотт санагдуулна гэсэн утгаар юм болвуу.

Ерөнхийдөө киноны humorous хэсгүүдийг Билл Мюррей ах авч явсан бөгөөд дүрийнх нь амьдралын мөчлөг болон хэл, соёлын ялгаанаас гадна бусад дүрүүдээс давж ярих хуурай хошин шогийн текстүүд, жүжиглэлт нь ч гоё тохирсон харагдана. Софиа эгч ч угаасаа ахыг санаандаа дүрсэлж аядуу тайван өнгө төрхийг нь гаргах талаас нь бичсэн гэхээр арга ч гүй биз.

Киноны романсын хувьд хүн шууд хараад насны ялгаа, гэрлэлтийн статус дээр нь дөрөөлөөд хоёр хүний хувийн харилцааны моралын талаар лекц өгмөөр санагдаж мэдэх. Ихэнхи тохиолдолд сайн илэрхийлэлтэй, гоёмсог хийцтэй романтик кинонуудад харагддаг theme нь тухайн гол романсдаа заавал гарчиг өгөх гээд байдаггүй дээр төвлөрсөн санагддаг. Жишээлбэл Brief Encounter, In the Mood for Love нарын харилцаануудад би лав шууд хаяг өгөөд нэрлэж мэдэхгүй.

Скарлетт Иоханссон шиг гоё эмэгтэйг хүсэх сэдэл дээр дөрөөлөөд яаж л бол яаж эротик уур амьсгал оруулаад кино хийж болох ч энэхүү романс нь түүхий хэрнээ арай өндөр зэрэглэлийн нууц романсыг үзэгчдэд санал болгож байна гэж би хардаг. Хичнээн бараан хошин шог, бусдыг шүүмжлэх ёжлолуудыг агуулсан ч эцсийн эцэст дан холбоон дээрээ тогтсон л элдэв нялуун, хүчилсэн зүйлсгүй гэмгүй харилцаа юм.

Дан ганц хүнээс халамж хүсэх, хүнийг хүсэмжлэх хэрэгцээгээ тодорхой хувиар тус бүрчлэн хүнээс авах бус зөвхөн нэг хүнтэй үнэхээр ойлголцоод дээрээс нь өмнөх хэрэгцээнүүдээ хангана гэдэг бараг л чухал эмчилгээ гэмээр. Гэвч энэ нь амьдрал маш ховор тохиолдоно.
Токиод ирээд цагийн зөрүү нь Шарлоттод нийцэхгүй, өөрт нь энд хийх зүйл олдохгүй, тэрээр бусадтай Англиас өөр хэлээр ойлголцох боломжгүй, хотоор аялавч соёлтой нь зохицож өгөхгүй. Тэгээд харьцах ёстой ганц хүн нь өөрт нь цаг гаргахгүйгээр үл барам хичээж байгаа нь мэдэгдэхгүй, улмаар өөрөө хэнтэй гэрлэснээ, энд юу хийж яваадаа ч өөртөө эргэлзэж эхэлнэ.

Цонхоор харагдах тэнгэрийн хаяаг бүрхэх битүү олон барилгууд, хотоор дүүрэн хүмүүс байхад хэнтэй нь ч ойлголцож амьд хүмүүс шиг харилцаж чадахгүй байх нь харамсалтай.

Заримдаа үзэхэд Боб, Шарлотт хоёр Токиогоос өөр location нь нээгдэж өгөхгүй role playing game-д гацчихсан юм шиг санагддаг. Гудамжинд алхалдах хүмүүс нь бүгд нийлмэл non playable character эсвэл музейн үзвэрийн нэг хэсэг мэт харагдах бөгөөд Токио хотын барилгуудын нийлмэл блок, түүн дээрхи реклам сурталчилгааны самбар, неон гэрэл бүхий хаяг, цонхууд нь бүгд нийлээд номхон хүлцэнгүй хэрнээ байнгын ажигч туслах дүрүүд шиг сэтгэгдэл төрүүлнэ.

Бобын Шарлоттед хэлдэг сүүлчийн үгс нь Билл Мюррей ахын improvisation ба Coppola эгч өөрийн бичсэн текстендээ сэтгэл хангалуун бус, мөн давхар дуу оруулъя ч гэж бодсон бөгөөд эцэст нь чимээгүй хэвээр байлгаж тус хоёр дүрийн хоорондох нандин нууц чигээр нь үлдээхийг хүссэн байна. Миний хувьд үүнээс өөр кинон дээр бараг Scarlett Johansson-ы нүдний усан тунгалаг сэтгэл хөдлөлийг ойроос тэгж анзаарч харж байгаагүй байх.

Кинондоо орчин үеийн бодит үйл явдал гэхээсээ хувь хүний таатай ой санамж, дурсамж маягаар киноны зураг авалт, өнгө зохицлыг нь бүрдүүлэх сэдлээр дижитал биш кино хальсаар зурагаа авахаар Coppola эгч шийдсэн байна. Мөн нэмэлт гэрлийн туслалцааг барагтай л ашиглаагүй бөгөөд Шарлотт, Боб хоёрын нүүрэн дэх туяа нь ихэнхидээ байгалийн гэрэл болон хотын гудамж, зочид буудлын гэрлүүдийн гавъяа аж. Цомхон киноны багтай ажилласнаас гадна ерөнхий үүрэг рольтой ажилчдаас бусад нь дан Япон crew байсан бөгөөд тэд Coppola эгчтэй Англиар ойлголцож чадахгүй хүндрэлтэй тулгарсан нь давхар irony болж байж.

Романс дээр тулгуурласан драма/комеди гэхээрээ асар том өөрчлөлт, секс эсвэл амьдралд гаргах чухал шийдвэрүүдийн нийлбэрүүдээр дүүрэн агуулгатай байх албагүй юм. Харин киног бүтээгч хүн нь энгийн ч гэсэн өөрийн харах өнцөгтэй, тухайн санаа болон илэрхийллээ хүчтэйгээр мэдэрдэг, болж өгвөл тухайн илэрхийллийнхээ ард бат зогсдог байх нь чухал аж.

Дотроо бодож сэтгэлийн гүндээ мэдэрч буй зүйлсээ, өөрийн мунхаг тэнэглэлээ хэн нэгэнд чөлөөтэйгээр илчилж илэрхийлэх нь сэтгэлд эмтэй бөгөөд нэг хэлээр ярьдаг хүмүүс ч бодит харилцаан дахь хөрвүүлгийн алдаанд өртөж мэдэх юм.

--

--